 |
 |
 |
2011-12-20 Монголын Банкны Холбооны ээлжит чуулган боллоо. Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит VI чуулган 2011 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд зохион байгууллагдлаа. Тус байгууллагын дүрмийн дагуу энэ удаагийн чуулганаар МБХ-ны Ерөнхийлөгч, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ өөрийн бүрэн эрхийн хугацаанд Холбооны зүгээс хийж гүйцэтгэсэн ажил, цаашдын зорилт, шийдвэрлэх шаардлагатай асуудал бэрхшээлийн талаар “Хямралаас хөгжил дэвшилд – Монголын банкны салбарын хөгжлийн асуудлууд” тайлан илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Чуулганаар МБХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, МБХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Хас банкны ТУЗ-ийн гишүүн, Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд, дэд ерөнхийлөгчөөр ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, ҮХО-н банкны дэд захирал П.Даваа, Голомт банкны эрсдлийн удирдлагын газрын захирал М.Чингүүн нар тус тус сонгогдон ажиллахаар боллоо. |
| 2011-05-09 Удирдах зөвлөлийн ээлжит хурлаа хийлээ. Монголын Банкны Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг 2011 оны 05 сарын 05 өдрийн 16.00 цагт хийлээ. Хурлыг МБХ-ны Ерөнхийлөгч, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ удирдан явуулж тус холбооны гишүүн банк, ББСБ-уудын гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагууд оролцож хэлэлцсэн асуудлуудыг 100 хувийн саналаар баталлаа.
Энэ удаагийн хурлаар:
• МБХ-ны 2010 оны ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл
• МБХ-ны 2011 онд хийх ажлын төлөвлөгөө, төсөв
• Зээлийн батлан даалтын “Си Жи Эф” ББСБ-д Холбоог хувь нийлүүлэгчээр
оролцуулах тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. |
| 2010-10-19 Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Монголын Банкны Холбооны үүсгэн байгуулсан “Зээлийн мэдээллийн төв” ХХК нь АНУ-ын “Дан&Брадстрит” компанитай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Банкны Холбоог төлөөлж “Зээлийн мэдээллийн төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд, АНУ-ын Дан&Брадстрит компанийг төлөөлж тус компанийн Зээлийн Мэдээллийн үйлчилгээг хариуцсан захирал Леон Чий болон Өмнөд болон Дундад Азийг хариуцсан салбар компанийн дэд захирал Артак Мелконян нар гарын үсэг зурлаа. Монгол, АНУ-ын хамтарсан энэхүү компани нь зээлийн түүх, зээлдэгчийн талаархи мэдээлэл болон эрсдлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад үйлчилгээг банк, банк бус санхүүгийн байгууллагууд болон бусад гишүүн байгууллагуудад үзүүлэх юм. Компанийн нийт хувьцааны 51 хувийг Монголын Банкны Холбоо 49 хувийг Дан&Брадстрит компани эзэмшинэ. АНУ-ын “Дан&Брадстрит” компани нь 169 жилийн туршид худалдаа арилжааны мэдээлэл, бизнесийн лавлагааны тэргүүлэх эх сурвалж бөгөөд олон улсын бизнес эрхлэгчдийг баталгаатай мэдээллээр хангадаг ба тус компанийн мэдээллийн санд 170 сая гаруй аж ахуйн нэгжийн мэдээлэл хадгалагддаг байна. |
| 2010-10-12 Мэдээлэл солилцох журмыг баталлаа. Банкуудаас гэмт хэргийн шинжтэй, эрсдэлтэй үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авч бүртгэх, банк хооронд солилцох үйл ажиллагааны журмыг Монголын Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаар 2010 оны 09 сарын 23 өдөр баталлаа. Энэхүү журам нь гишүүн арилжааны банкуудын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг бүртгэх, цахим сүлжээнд оруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хянах, банкуудад гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм. Мэдээллийн санд боловсруулалт хийж, дүгнэлт, зөвлөмж гарган, банкуудад тогтмол хүргүүлэх замаар арилжааны банкуудад гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлэх замаар бусад ижил буюу ойролцоо төрлийн гэмт хэрэг зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэрэмжлүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршиж байгаа юм. |
| 2010-09-27 “ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ТАЙ ХОЛБООТОЙ Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХААН банк хамтран “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль”-тай холбоотой гаргасан журам, заавар, тодорхойлолтын талаарх нээлттэй хэлэлцүүлэгийг 2010 оны 09 дүгээр сарын 20 -ний өдөр Монголын Банкны Холбооны хурлын танхимд зохион байгууллаа. Тус нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсын Дээд Шүүх, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд болон холбогдох бусад байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Банк, ББСБ-ын хувьд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах гол баталгааны нэг болдог үл хөдлөх хөрөнгийг барьцаалах гэрээ хуулийн шаардлага бүрэн хангаж байх болон барьцааны үл хөдлөх хөрөнгийг шүүхээс гадуур худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах практикийг хуулийн дагуу тогтоох, хэрэгжүүлэх асуудлаар санал бодлоо хуваалцлаа. |
| 2010-08-25 Монголын Банкны Холбоо, Монголбанкны Банкны Сургалтын Төвтэй хамтран “Банкны эрх зүйн орчин” сэдэвт семинарыг Завхан аймагт 2010 оны 8 сарын 24-26 ны өдөр хийлээ. Монголын Банкны Холбоо, Монголбанкны Банкны Сургалтын Төвтэй хамтран 2010 оны 8 сарын 24-26-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай суманд “Банкны эрх зүйн орчин” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хүрээнд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн тухай, Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэлүүд, Банкны хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалт /шинэ орчин/, Банкны ажилтан ба хууль тогтоомж зэрэг сэдвүүдээр семинар зохион байгууллаа.
Тус семинарт Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Д.Болдбаатар, Хуулийн хэлтсийн захирал Г.Эрдэнэбаяр, МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Шагдарсүрэн, Монголбанкны Банкны Сургалтын Төвийн захирал Д.Төрбат, Японы Обирины Их сургуулийн профессор Такао Сайто зэрэг мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцогчидтой санал бодлоо солилцлоо.
Сургалтанд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн Монголбанк болон арилжааны банкны салбарын ажилтнууд хамрагдсан байна. |
| 2010-06-20 Хамтарсан семинар амжилттай боллоо. Санхүүгийн зах зээлийн холбоо, Монгол дахь Томсон Ройтерс, Монголын Банкны Холбоо хамтран “The role of interest rate benchmarks in financial market development” сэдэвт семинарыг Банкны Холбооны байранд амжилттай зохион байгуулав. Тус семинарт Их Британы Банкны Холбооны ерөнхийлөгч Жон Эван, Томсон Ройтерсын Европ, Ойрхи Дорнод, Африкийн бүсийн хөрөнгө зохицуулалт хариуцсан захирал Брайн Мартин, БНХАУ-ын Шанхай дахь Томсон Ройтерсын хөрөнгө зохицуулалт, бонд хариуцсан менежер Фиделиа Чау, Монгол дахь ING банкны Хөрөнгө оруулалтын банкны захирал Ховард Ламберт, СЗЗХолбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг нар оролцож дээрх сэдвийн хүрээнд илтгэл тавьсан бөгөөд манай талаас 60 гаруй албаны хүмүүс урилгаар оролцлоо. /эхийгСанхүүгийн зах зээлийн холбооноос/ |
| 2010-05-27 Экваторын зарчмууд сэдэвт семинар боллоо. Монголын Банкны Холбооноос АНУ-ын ОУХА-ийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төсөл Олон Улсын Санхүүгийн Корпорацитай (ОУСК) хамтран Экваторын зарчмууд сэдэвт хагас өдрийн семинарыг зохион байгууллаа. Экваторын зарчмууд гэдэг нь ямар нэгэн төслийг санхүүжүүлсэнээр нийгэмд болон байгаль орчинд учирч болзошгүй эрсдэлд үнэлгээ өгөх, удирдан зохицуулах, шийдвэрлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр тогтоосон стандартуудын цогц бүрдэл юм. Семинарын үеэр “Хэтч консалтантс” компанийн Байгаль орчин, олон нийттэй харилцах харилцааны ахлах зөвлөх, Мартин Риддл эдгээр зарчмуудийн үндэслэл, зорилгын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, ОУСК-ийн Гүйцэтгэлийн стандартууд болон Дэлхийн банкны группын Байгаль орчин, эрүүл мэнд аюулгүй байдлын удирдамжуудын талаар танилцууллаа. Семинарт холбооны гишүүн банк, ББСБ-ын зээл хяналтын ажилтан, байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. |
| 2010-05-18 Монголын Банкны Холбооны V чуулган боллоо. МБХ-ны V чуулган 2010 оны 5 сарын 14-ний өдөр болж, МБХ-ноос сүүлийн 1 жилд хийсэн ажлын тайланг Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нийт гишүүддээ тавьлаа.
Энэ хугацаанд МБХ-ноос дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг нийт банкны системээрээ гарз хохирол багатайгаар даван гарах, үүний тулд салбарын хүрээнд нэгдсэн байр сууринаас төр засгийн удирдлага болон холбогдох байгууллагуудтай харьцах, мөн банкны салбарын үйлчилгээг олон улсын стандартад хүргэж боловсронгуй болгох, төрийн мөнгөний болон эдийн засгийн бодлого, хууль тогтоомжуудад гишүүдийн саналыг хүргүүлж тусгуулах талаар төр засаг болон холбогдох бусад салбарын төлөөлөлтэй тогтмол мэдээлэл, санал солилцох зэрэг бодлогын асуудлуудад анхаарал хандуулан ажиллалaa. Үүнээс гадна арилжааны банкуудын давхардсан зардлыг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо, банкны үйлчилгээний түвшинг жигдрүүлж нэг стандартыг нэвтрүүлэх зорилготой цахим төлбөр тооцооны нэгдсэн төвтэй болох зэрэг ажлуудыг МБХ үргэлжлүүлэн явуулж байна.
МБХ-ны дүрмэнд заасны дагуу чуулганаар МБХ-ны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж 2009-2010 онд МБХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашсан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд нар улиран сонгогдлоо. |
| 2010-01-11 Монголын анхны хувийн зээлийн мэдээллийн сан Олон Улсын Санхүүгийн Корпорацитай гэрээ байгууллаа Улаанбаатар. 2009 оны 12 сарын 15. Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Монгол улсын Зээлийн Мэдээллийн Төв ХХК-д дэмжлэг үзүүлж хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Зээлийн Мэдээллийн Төв ХХК нь Монголын Банкны Холбооны санаачлагаар Монгол улсын арилжааны банкууд, зарим банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулалттайгаар 2009 оны 4 сард байгуулагдсан байна.
Энэхүү гэрээний дагуу Олон улсын санхүүгийн корпораци нь Зээлийн Мэдээллийн Төв ХХК-д гадаадын хөрөнгө оруулалт, ноү хау оруулж ирэх стратегийн түншийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх юм.
Зээлийн Мэдээллийн Төв ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч М. Болд хэлэхдээ “Өмнө нь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр техник эдийн засгийн судалгаа хийж, бизнес төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр бид компаниа байгуулсан. Энэ гэрээгээр дараагийн шатны ажлууд эхэлж байгаа юм. Гадаадын энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй хэд хэдэн пүүс компаниуд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлээд байна. Сайн мэдээллийн сантай болсноор банк санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн эрсдэлийн удирдлага сайжирч зардал хэмнэнэ. Хувь хүн, жижиг дунд бизнесийн хувьд хурдан шуурхай зээл олж авах таатай нөхцөл бүрдэнэ. Төлбөр хариуцагч аливаа төлбөрөө хугацаанд нь хийдэг бол эерэг үнэлгээ авч зээл авахад дөхөмтэй болно. “
Монголын Банкны Холбооноос Зээлийн Мэдээллийн Тухай Хуулийн төслийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын /USAID/ санхүүжилтээр хэрэгждэг Эдийн Засгийн Бодлогын Шинэчлэлт, Өрсөлдөх Чадвар /EPRC/ төслийн тусламжтайгаар боловсруулж Улсын Их Хурлын Эдийн Засгийн Байнгийн Хороонд хэлэлцүүлэхээр өгөөд байгаа юм. Энэ хууль батлагдсанаар эрх зүйн тааламжтай орчин бүрдэж олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно.
Олон Улсын Санхүүгийн Корпорацийг төлөөлж Хятад ба Монгол улсыг хариуцсан захирал Хён-Чан Чо гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр энэ албан тушаалд шинээр томилогдоод Монгол улсад хийж буй анхны айлчлал юм. Хён-Чан Чо хэлэхдээ “Үр дүнтэй зээлийн мэдээллийн үйл ажиллагаа нь зээл олох боломжийг нэмэгдүүлж ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжиж нийт бизнесийн орчныг сайжруулахад маш чухал санхүүгийн дэд бүтэц юм. Монгол улсад хувийн зээлийн мэдээллийн сан байгуулах ажилд туслалцаа үзүүлж байгаадаа бид баяртай байна” гэлээ.
Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпораци нь хөгжиж байгаа орнуудын хувийн хэвшлийг дэмжих ингэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг болон зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хөгжиж байгаа орнуудад энэ онд 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг энэ үйл ажиллагаанд зориулаад байна. Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт 60 сая долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Олон Улсын Санхүүгийн Корпораци нь 2000 оноос хойш хөгжиж байгаа улс орнуудад зээлийн мэдээллийн сан шинээр байгуулах, үйл ажиллагааг нь сайжруулах төслүүд хэрэгжүүлж мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна. |
| | |
|
|
|
|
|
|
 |
|