 |
 |
 |
2010-01-11 Монголын анхны хувийн зээлийн мэдээллийн сан Олон Улсын Санхүүгийн Корпорацитай гэрээ байгууллаа Улаанбаатар. 2009 оны 12 сарын 15. Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпораци нь Монгол улсын Зээлийн Мэдээллийн Төв ХХК-д дэмжлэг үзүүлж хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Зээлийн Мэдээллийн Төв ХХК нь Монголын Банкны Холбооны санаачлагаар Монгол улсын арилжааны банкууд, зарим банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө оруулалттайгаар 2009 оны 4 сард байгуулагдсан байна.
Энэхүү гэрээний дагуу Олон улсын санхүүгийн корпораци нь Зээлийн Мэдээллийн Төв ХХК-д гадаадын хөрөнгө оруулалт, ноү хау оруулж ирэх стратегийн түншийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж, компанийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх юм.
Зээлийн Мэдээллийн Төв ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Банкны Холбооны дэд ерөнхийлөгч М. Болд хэлэхдээ “Өмнө нь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр техник эдийн засгийн судалгаа хийж, бизнес төлөвлөгөө боловсруулсны үндсэн дээр бид компаниа байгуулсан. Энэ гэрээгээр дараагийн шатны ажлууд эхэлж байгаа юм. Гадаадын энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй хэд хэдэн пүүс компаниуд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлээд байна. Сайн мэдээллийн сантай болсноор банк санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн эрсдэлийн удирдлага сайжирч зардал хэмнэнэ. Хувь хүн, жижиг дунд бизнесийн хувьд хурдан шуурхай зээл олж авах таатай нөхцөл бүрдэнэ. Төлбөр хариуцагч аливаа төлбөрөө хугацаанд нь хийдэг бол эерэг үнэлгээ авч зээл авахад дөхөмтэй болно. “
Монголын Банкны Холбооноос Зээлийн Мэдээллийн Тухай Хуулийн төслийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын /USAID/ санхүүжилтээр хэрэгждэг Эдийн Засгийн Бодлогын Шинэчлэлт, Өрсөлдөх Чадвар /EPRC/ төслийн тусламжтайгаар боловсруулж Улсын Их Хурлын Эдийн Засгийн Байнгийн Хороонд хэлэлцүүлэхээр өгөөд байгаа юм. Энэ хууль батлагдсанаар эрх зүйн тааламжтай орчин бүрдэж олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно.
Олон Улсын Санхүүгийн Корпорацийг төлөөлж Хятад ба Монгол улсыг хариуцсан захирал Хён-Чан Чо гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрээр энэ албан тушаалд шинээр томилогдоод Монгол улсад хийж буй анхны айлчлал юм. Хён-Чан Чо хэлэхдээ “Үр дүнтэй зээлийн мэдээллийн үйл ажиллагаа нь зээл олох боломжийг нэмэгдүүлж ялангуяа жижиг дунд бизнесийг дэмжиж нийт бизнесийн орчныг сайжруулахад маш чухал санхүүгийн дэд бүтэц юм. Монгол улсад хувийн зээлийн мэдээллийн сан байгуулах ажилд туслалцаа үзүүлж байгаадаа бид баяртай байна” гэлээ.
Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн Корпораци нь хөгжиж байгаа орнуудын хувийн хэвшлийг дэмжих ингэснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг болон зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хөгжиж байгаа орнуудад энэ онд 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг энэ үйл ажиллагаанд зориулаад байна. Монгол улсын хувьд өнөөдрийн байдлаар нийт 60 сая долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Олон Улсын Санхүүгийн Корпораци нь 2000 оноос хойш хөгжиж байгаа улс орнуудад зээлийн мэдээллийн сан шинээр байгуулах, үйл ажиллагааг нь сайжруулах төслүүд хэрэгжүүлж мэдэгдэхүйц үр дүнд хүрээд байна. |
| | |
|
|
|
|
|
|
 |
|